Нийтлэл/Байгууллагад сэтгэл зүйн тест ашиглах нь

Байгууллагад сэтгэл зүйн тест ашиглах нь

Судалгаа4 сарын 12, 20266 мин
Байгууллагад сэтгэл зүйн тест ашиглах нь

Олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй томоохон компани ч бай, дөнгөж гараагаа эхэлж байгаа жижиг стартап компанид ч бай бүхий л компанид шинэ ажилтан авах үйл явц нь хамгийн чухал хэсгүүдийн нэг байдаг. Ялангуяа жижиг, дунд хэмжээний компанийн хувьд сонгон шалгаруулалтын үеийн "алдаа" нь ихээхэн өртөгтэй байдаг. Тиймээс компаниуд эрсдэлийг бууруулахын тулд сонгон шалгаруулалтын үйл явцдаа сэтгэл зүйн тестийг ашиглаж эхэлсэн байна.

Сэтгэл зүйн тест нь ажил горилогчийн сэтгэхүйн чадвар, бие хүний онцлог, тодорхой үүрэг гүйцэтгэхэд тохиромжтой байдлын талаар үнэ цэнтэй ойлголтыг өгдөг. Ажил олгогчид үүнийг мэдсэнээр аль ажил горилогчид тухайн ажлын байрны өвөрмөц соёлд хөгжиж чадах талаар илүү гүнзгий ойлголттой болдог.

Технологийн томоохон компани болох TechWave нь өндөр эрсдэлийн түвшнээсээ болж программ хангамж бүтээгдэхүүн хөгжүүлэлт нь зогсонги байдалд ороход хүртэл хүрч байсан. Тиймээс тэд сонгон шалгаруулалтын үйл явцдаа сэтгэл зүйн тестийг ашиглаж эхэлсэн юм. Тэгснээр компанийн ажлаас гарах эргэлт хөдөлгөөн нь 30 хувиар буураад зогсохгүй багийн хамтын үйл ажиллагааны чанар нь 20 хувиар өссөн байна. Үйлдвэр, байгууллагын сэтгэл судлалын нийгэмлэгээс 2021 онд явуулсан судалгаагаар сэтгэл зүйн тестийг ашигладаг байгууллагууд ашигладаггүй байгууллагатай харьцуулахад ажилтнуудын гүйцэтгэл 12 хувиар өндөр байгааг тогтоожээ. Иймд сэтгэл зүйн тестийн үүрэг, зорилго, төрлийг ойлгох нь компаниудад ажилтан авах шийдвэр гаргахад нь тусалж, эцэст нь илүү үр дүнтэй, эв найртай ажлын байрыг бий болгоход тусалдаг байна.

Сонгон шалгаруулалтад ашиглаж болохуйц зарим сэтгэл зүйн тестийн төрлүүд

  • Танин мэдэхүйн чадварын тестүүд: Бидний хамгийн ихээр түгээмэл мэддэг IQ-ийн тест нь танин мэдэхүйн тест юм. Гэвч танин мэдэхүйн тестүүд нь зөвхөн үүгээр зогсохгүй сэтгэн бодох, асуудал шийдвэрлэх, суралцах чадвар зэрэг сэтгэхүйн ерөнхий чадварыг хэмждэг. "Боловсролын сэтгэл судлалын сэтгүүл"-д нийтлэгдсэн нэгэн судалгаагаар асуудал шийдвэрлэх ур чадвар нь төрөл бүрийн салбар дахь ажил гүйцэтгэлийн 40 хувийг эзэлдэг болохыг судлаачид тогтоожээ.
  • Бие хүний онцлог тодорхойлох тестүүд: Майерс-Бриггсийн төрлийн индикатор (MBTI) эсвэл Том таван хүчин зүйлийн асуулга (BIG5) зэрэг бие хүний онцлог тодорхойлох тестүүд нь ажил горилогчийн хандлага, хүмүүстэй харилцах чадварыг зэргийг үнэлдэг. Эдгээр тестүүд нь нийцтэй байдлыг тодорхойлж, тухайн хүн янз бүрийн нөхцөлд хэрхэн биеэ авч явахыг урьдчилан таамаглахад тусалдаг. Борлуулалтын албан тушаалд ажилтан авах явцад компани нь үйлчлүүлэгчидтэй харилцах, гэрээ хэлцэл хийхэд тустай экстраверт, найрсаг, ухамсартай хүнийг тодорхойлохын тулд "Том таван хүчин зүйлийн" тестийг ашиглаж болно.
  • Сэтгэл хөдлөлийн чадамжийн тест (EQ): Сэтгэл хөдлөлийн чадамж нь багаар ажиллах, манлайлах үүрэг гүйцэтгэхэд маш чухал юм. Ажил горилогч өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг таньж, ойлгох, удирдах чадварыг хэмждэг. Өндөр EQ нь ажлын байрны харилцаа холбоо, манлайллын үр дүнтэй холбоотой байдаг.

Сонгон шалгаруулалтад сэтгэл зүйн тест ашиглахын давуу болон сул талууд

Давуу талууд:

  • Бодит үнэлгээ: Сэтгэл зүйн тест нь сонгон шалгаруулалтын үйл явцад өрөөсгөл хандлагыг бууруулж бодитой мэдээллийг өгдөг.
  • Урьдчилан таамаглах чадвартай: Сэтгэл зүйн тест нь урьдчилан таамаглах чадвартай тул ажлын гүйцэтгэлийг үнэн зөв таамаглах боломжтой юм.
  • Өөрийгөө танин мэдэх: Ажил горилогч нар өөрсдийн давуу болон сул талуудын талаар ойлголттой болох бөгөөд энэ нь тэдний хувийн болон мэргэжлийн хөгжилд үнэ цэнтэй байж болох юм.
  • Сонгон шалгаруулалт түргэн шуурхай хялбар болох: Сэтгэл зүйн олон төрлийн тестийг нэгтгэснээр хүний нөөц илүү мэдээлэлтэй болж ажилд авах шийдвэр хурдан гаргах боломжтой.

Сул талууд:

  • Буруу ашиглах боломжтой: Хэрэв сэтгэл зүйн тестийг мэргэжлийн түвшинд ашиглаагүй бол буруу үр дүн гарч эсвэл хүний хувийн нууцад халдахад хүргэдэг.
  • Баталгаатай, найдвартай байдлын эргэлзээ: Сонгон шалгаруулалтад ашиглагддаг зарим сэтгэл зүйн тест нь шинжлэх ухааны үндэслэлтэй эсвэл найдвартай биш байж болох бөгөөд энэ нь буруу дүгнэлтэд хүргэдэг.
  • Ажил горилогчийн түгшүүр: Зарим ажил горилогчид тестийн явцад сэтгэлийн түгшүүр, стресстэй байж магадгүй бөгөөд энэ нь тэдний гүйцэтгэл болон ерөнхий үр дүнд нөлөөлж болзошгүй.

Мөн сэтгэл зүйн тестийг зөвхөн сонгон шалгаруулалтын үйл явцад ашиглахаас гадна байгууллагын дотоод нөхцөл байдлын судалгаанд ашиглах нь үр дүнтэй байдаг. Алдартай жижиглэн худалдааны сүлжээ ShopSmart нь өөрсдийн ажилтнуудаас удирдлага сонгохдоо сэтгэл зүйн тестийг ашигладаг байна. Дасан зохицох чадвар, хүмүүстэй харилцах чадвар өндөртэй хүмүүс удирдах албан тушаалд хамгийн тохиромжтой гэдгийг тэд олж харснаар сэтгэл зүйн тестийг ашиглах болсон байна. Эдгээр ойлголтод тулгуурлан хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр ShopSmart гурван жилийн хугацаанд манлайллын үр нөлөө, бүтээмжийг 50 хувиар гайхалтайгаар нэмэгдүүлсэн гэж Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгээс гаргасан судалгаа харуулжээ.

Ажлын бүтээмж багатай ажилчдын 89% нь сэтгэл зүйн ур чадвар дутмаг байх хандлагатай байдаг тул компаниуд зөвхөн ажилд авахын тулд бус, байгууллагын дотоод соёл, орчныг бүрдүүлэхийн тулд сэтгэл зүйн тестүүдийг ашиглаж эхэлж байна.

Байгууллагын үндсэн ажилтнуудаас сэтгэл зүйн тест авснаар:

  • Ажилтнуудын ажлаас халшрах болон ажлаас гарах эрсдэл 50 хувь буурна.
  • Удирдлага, ажилтан, хэлтэс бүрийн онцлог, давуу тал, эрсдэл, боломжийн талаарх цогц ойлголт, мэдээлэлтэй болно.
  • Ажлын байрны хортой зан төлөвийг бууруулж, өөрийн онцлог ур чадварыг бүрэн дайчлах чадвартай ажилтны эерэг хандлагатай, сэтгэл зүйн боловсролтой боловсон хүчний тоо нэмэгдэнэ.
  • Ажлын байран дээрх "хортой" зан үйлийг бууруулж, хамт олон доторх зохистой харилцаа нэмэгдэнэ.

Сэтгэл зүйн тест нь ажил горилогчдын талаарх чухал мэдээллүүдээр хангадаг. Тест нь бүх "буруу ажилтнуудыг" бүрмөсөн арилгахгүй ч нэг ч гэсэн тохиромжгүй хүн ажилд орохоос сэргийлж чадвал энэ нь үнэ цэнээ өгч чадаж байгаа хэрэг юм. Нэг алдаа гаргах нь компанид ажилтан авах зардал, цалин, тэтгэмж, ажлаас халах зардал гэх мэт ихээхэн хохирол учруулж болзошгүй. Мөн багийн гүйцэтгэх чадварыг саатуулах боломжийн зардал, компанийн бусад ажилчдад үзүүлэх сөрөг нөлөө бий. Ажилтнууд нь хамгийн чухал хөрөнгө гэдэгт итгэдэг бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн сайн багийн гишүүдийг ажилд авахад туслах сэтгэл зүйн тест нь үйл явцын үнэ цэнтэй хэсэг болж чадна.

Компанидаа сэтгэл зүйн тестийг ашиглахаар шийдсэн бол та бүхэн заавал мэргэжлийн байгууллага, мэргэжилтэнд хандах нь хамгийн чухал юм.

Ашигласан материал: 1. Chipana-Castillo, C. (2020). Effectiveness of psychometric tests for selecting personnel in jobs in the retail sector. ResearchGate. 2. Kreischer Miller team. (2015). The Role of Psychological Tests in the Hiring Process. Kreischer Miller. 3. Psico-smart Editorial Team. (2024). Key psychological theories behind the effectiveness of psychometric testing. Psico-smart. 4. Singh, B. (2024). Implement Psychological Assessments in Hiring. HRone.