
Ажлын орчинд бидний өдөр тутамдаа хийж заншсан зарим үйлдэл хэн нэгэнд сэтгэл санааны дарамт учруулдаг бол яах вэ?
Ажлын байр нь хүний амьдралд, тэр дундаа сэтгэл зүйн эрүүл мэндэд тийм ч их нөлөөлөл үзүүлдэггүй гэх ойлголт нэгэнт халагджээ. 2021 онд АНУ-д хийгдсэн судалгаагаар ажил эрхэлж буй ажилтнуудын 30 хувь нь буюу ойролцоогоор 46.8 сая хүн сэтгэл зүйн хүчирхийллийн хохирогч болсон гэх дүн мэдээ гарсан. Тэдгээрийн 22 хувь нь удаан хугацаанд үргэлжилж буй сэтгэл зүйн асуудалтай болсон аж.
Хэдийгээр энэ нь АНУ-д хөдөлмөр эрхлэгчдийн дунд хийгдсэн боловч бусад улс орнуудад ч эл асуудал түгээмэл буйг олон жишээнээс харж болно. Тухайлбал, ажлын хэт их ачааллаас үүдэн амиа хорлох үзэгдлийг Япон улсад "Karo jisatsu" гэж нэрлэдэг байна. Тусгайлсан нэршил бий болсноос үзвэл энэ асуудал нь тухайн улсын хэмжээнд хэр ноцтойгоор хөндөгдөж буйг харж болно. Мэдээж ажилтны сэтгэл зүйд ажлын хэт ачааллаас гадна олон хүчин зүйл нөлөөлөх агаад тэдгээрт ажлын орчин, удирдлагын харилцаа, ажлын урсгал, хамт олны уур амьсгал зэрэг багтана.
Нөгөөтэйгүүр, таны болон хамтрагчийн тань өдөр тутамдаа хийж заншсан зарим үйлдэл нь бусдад дарамт, хүчирхийлэл болох үе бий. Үүнийг байнгын давтамжтай хийдэг, зарим тохиолдолд байдаг л энгийн зүйл мэт санагддаг ч бусдад хохирол үзүүлж, дарамт мэдрүүлдэг, сэтгэл түгшүүр айдас зэргийг бий болгодог үйлдлүүд гэж ойлгож болно. Нэг үгээр бол сэтгэл зүйн хүчирхийлэл үзүүлдэг нүднээс далд үйлдлүүд юм. Жишээгээр тайлбарлавал, удирдлага тань олны өмнө доромжлох, таныг өөрийнхөө шийдвэр үзэл бодолд эргэлзэхэд хүргэх, ажил үүргийн тухай үргэлж тодорхойгүй тайлбар хэлэх, далд хэлбэрээр дайсагнасан орчин бүрдүүлэх зэрэг болон өөр төрлүүдтэй байж болно. Харамсалтай нь, энэ асуудалтай холбоотой судалгаа манай улсад бага хийгддэг. Хамгийн сүүлд гэхэд долоон жилийн өмнө энэ төрлийн судалгааг хийж байжээ. Тус 2018 онд хийгдсэн судалгаагаар таван эмэгтэй ажилтан тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг гэсэн үр дүн гарсан байна. Түүнчлэн дийлэнх тохиолдолд бид ажлын байрны бэлгийн дарамтыг л ярьдаг, мэддэг болохоос үүнтэй дүйх хэмжээний сэтгэл санааны хүчирхийллийн талаарх ойлголтыг орхигдуулдаг талтай. Тиймдээ ч өнөөгийн байдлаар энэ талаарх мэдээ мэдээлэл, мэдлэг, ойлголт тун хомс байна.
Тэгвэл сэтгэл санааны хүчирхийлэл гэж юу вэ?
Ажлын байран дахь сэтгэл санааны хүчирхийлэл нь нөхцөл байдлаас шалтгаалан мэдэгдэхгүй өнгөрөх магадлал өндөр. Учир нь ажилтны ажлаас халагдах айдас, хамт олны харилцаанд өөрчлөлт орох, өөрийнх нь тухай бусдын бодол өөрчлөгдөх вий гэх айдас зэрэг нь хүчирхийлэлд өртсөн ч нуух хамгийн том шалтгаан болдог. Нөгөө талаар сэтгэл санааны хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдийг бид аль хэдийн байдаг л үйлдэл мэтээр хүлээж авдаг болсонтой холбоотой. Иймд хэвшмэл ойлголтыг эвдэж, илүү албажуулан, иргэд олон нийтэд мэдээ мэдээллийг түгээхийн сацуу хууль тогтоомжид тусган, тухайн албан байгууллагад үйлдэгдэж буй, үйлдэгдэж болохуйц хүчирхийллээс урьдчилан сэргийлж, мэдлэгжүүлэх нь орхигдуулж боломгүй хэсэг билээ.
Гэвч Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжуудад ажлын байран дахь сэтгэл зүйн хүчирхийлэл гэж ийм зүйлийг хэлнэ гэж тодорхойлон, тусгаагүй өнөөг хүрсэн байна. Харин олон улсад "Ажлын байран дахь сэтгэл зүйн хүчирхийлэл нь ажилтнуудыг хянах, айлган сүрдүүлэх, удирдах зорилгоор бие махбодын бус арга хэрэгсэл ашиглах"-ыг хэлдэг. Мөн энэ нь амаар болон бичгээр харилцах, дохио зангаа, зан үйлийн бусад хэлбэрүүд зэрэг олон хэлбэртэй байж болно гэжээ.
Угтаа сэтгэл зүйн эрүүл мэндийг чухалчлан авч үзэх болсон өнөө үед олон улсын жишгийн адилаар манай улс ч ажлын байран дахь сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой зүйл заалтыг, холбогдох хууль тогтоомжид тусгах нь зүй ёсных.
Одоогоор ажлын байран дахь сэтгэл зүйн хүчирхийлэл гэх тогтсон нэр томъёо бий болоогүй ч үүнтэй адилтгах нэг зүйл заалт нь "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль"-д тусгагдаад байна. Тодруулбал, тус хуулийн 6.3 дахь хэсэгт "Хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ" хэмээжээ.
Тэгвэл ажлын байран дээрх ямар үйлдлүүдийг сэтгэл санааны хүчирхийллийн шинжтэй үйлдэл гэж үзэх вэ?
Мэдээж үүнд дурдагдсанаас гадна олон төрөл хэлбэртэй байхыг бодолцох хэрэгтэй.
Хэрэв тухайн байгууллагад сэтгэл санааны хүчирхийлэл байвал тус байгууллагыг сэтгэл зүйн хувьд аюултай гэдгийг нь илтгэнэ. Мэдээж эсрэгээрээ бол тухайн байгууллагын сэтгэл зүйн аюулгүй байдал өндөр түвшинд байна гэж үзэж болно.
Сэтгэл санааны хүчирхийлэлд өртөөд буй ажилтанд тохиолдох түгээмэл сэтгэл зүйн асуудлуудад сэтгэл гутрал, сэтгэл түгшүүр, нойргүйдэл, донтолт, ажлаас халшрах хам шинж, гэмтлийн дараах стрессийн эмгэг /PTSD/ зэрэг байдаг бол зан үйлийн хувьд ажилтан өөрийгөө гэмтээх, үзэн ядах, хэт их анхаарал халамж хүсэх, уур бухимдал нэмэгдэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Харин байгууллагын хувьд ажилтнуудын бүтээмж буурах, хүний нөөцийн эргэц ихсэх, байгууллагын сөрөг соёл, нэр хүнд унах зэрэг сөрөг нөлөөллийг үзүүлдэг аж.
Харин сэтгэл зүйн хувьд аюулгүй ажлын байранд ажилласнаар ажилтнууд аюултай байгууллагатай харьцуулахад 57 хувиар илүү харилцаа холбоо сайтай, ажил таслалт 13 хувиар бага, хүний нөөцийн эргэц 27 хувь бага, ажилтнууд нь 26 хувиар илүү суралцаж чаддаг, 29 хувиар илүү хувийн амьдралдаа сэтгэл ханамжтай, ажлын стресст өртөх магадлал даруй 74 хувиар бага зэргээр ажил олгогч болоод ажилтанд эерэг нөлөөллийг үзүүлдэг байна.
Тиймээс сэтгэл санааны хүчирхийллийг тоохгүй өнгөрөөж болохгүй. Урт хугацаандаа бидний сэтгэл зүйн эрүүл мэнд хийгээд биеийн эрүүл мэнд, цаашлаад амьдралын чанарт нөлөөлөх боломжтой асуудал тул та эсвэл таны эргэн тойрны хэн нэгэнд ажлын байран дахь сэтгэл зүйн хүчирхийлэл тохиолдож байвал дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.
Хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж буй хүнтэй адил харилцахгүй байх
Ихэнх тохиолдолд хүчирхийлэгчийг эсэргүүцэхийн тулд яг түүнтэй адил зан үйл гаргах, түүнийг дууриаж бусадтай харилцах хандлагатай байх нь таныг илүү бухимдуулна уу гэхээс асуудлыг намжаахгүй.

Харилцаандаа хил хязгаар тогтоох
Өөрийн итгэл үнэмшлийн дагуу болох болохгүй зүйлсийг харилцаандаа баримтлах. Жишээ нь, хувийн асуудлаа ажил дээрээ ярихгүй байх, хэн нэгэнтэй хэт дотночилсон өнгө аясаар ярихгүй байх, ажлын бус цагаар холбогдохгүй байх гэх мэт.

Хүчирхийллийн шинжтэй үйлдэл, үг зэргийг мэдээлэхээс эмээхгүй байх
Сэтгэл санааны хүчирхийллийн талаас илүү хувь нь дарагдмал байдалтай байдгийн томоохон шалтгаан нь хохирогчийн айдас, түгшүүртэй холбоотой байдаг. Иймд танд болон бусдад илүү хор хохирол учруулахаас өмнө зохих ёсоор мэдээлэх нь өөртөө болон бусдад тусалж буйн шинж юм.

Стрессээ зохицуулах арга замуудад суралцах
Ажлын болон хувийн стрессээ зохицуулж өөрийн бодол мэдрэмжийг эерэгжүүлэх аргад суралцах нь сэтгэлийн хатыг нэмэгдүүлж, асуудал шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлнэ.

Шаардлагатай хууль тогтоомжийг уншиж судлах
Өөрийгөө хамгаалах бас нэг арга нь яах аргагүй энэ асуудлын тухай өргөн хүрээний мэдлэгтэй байх явдал. Хэдий чинээ мэдлэгтэй байна тэр чинээгээрээ өөртөө тусалж, асуудал даамжрахаас сэргийлж чадна. Ядаж л ажлын байран дахь харилцаанд юуг хуулийн дагуу зөвшөөрдөг, юуг зөвшөөрдөггүй гэх мэтэд суралцах.

Сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдах
Энэ асуудалд өртсөн хүмүүст түгээмэл тохиолддог сэтгэл зүйн асуудал нь сэтгэл гутрал болон сэтгэл түгшүүр байдаг. Тиймээс мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэл засалчид хандан бодол мэдрэмжээ илэрхийлж, өөрийгөө хайрлах аргад суралцаарай.

Эх сурвалж: 1. American Psychological Association. (n.d.). 2023 work in America survey: Workplaces as engines of psychological health and well-being. American Psychological Association. 2. Gordon, S. (2023, August 23). What are the effects of workplace bullying?. Verywell Mind. 3. Monet, T. (2024, April 16). Part 1: Guide to improving psychological safety by reducing psychological abuse: A legal and civil rights violation. LinkedIn.

2024-04-12
Г.Мандухай: Нийгэмд буруугаар ойлгогдсон хандлагыг залруулахаар Монголдоо анхдагч сэтгэл зүйн дэмжлэг авах боломжтой платформыг хөгжүүлж байна
Манай хөтөлбөр хүүхэд, өсвөр насныхны сэтгэл зүйд тулгамддаг асуудлуудыг хөгжлийн үе шат бүрт тулгуурлан судлах, ойлгох ур чадвараас эхлүүлээд дэмжлэг, тусламж үйлчилгээ үзүүлэх нарийн ур чадварыг онол, практик хослуулан мэргэшүүлдэг.

2024-04-12
Байгууллагад сэтгэл зүйн тест ашиглах нь
Олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй томоохон компани ч бай, дөнгөж гараагаа эхэлж байгаа жижиг стартап компанид ч бай бүхий л компанид шинэ