“Оптимал Эн Макс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/016 тоот тушаалын Хавсралт No1
MINDXPLUS ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Үйлчилгээний нөхцөл нь “Оптимал Эн Макс” ХХК (“Компани” эсхүл “Бид” гэх)-ийн хөгжүүлсэн mindXplus платформ (“Платформ” гэх)-д бүртгүүлэх, ашиглахад баримтлах журмыг тодорхойлно.
Та (“Хэрэглэгч” эсхүл “Та” гэх) Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, цахимаар хүлээн зөвшөөрснөөр Платформыг бүрэн ашиглах боломжтой болно. Та Платформд нэвтэрч, үйлчилгээ авах үед Үйлчилгээний нөхцөлийг заавал дагаж мөрдөх үүрэг хүлээх тул бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч буй эсэх илэрхийллээ баталгаажуулна уу.
Та Үйлчилгээний нөхцөлийг “Зөвшөөрч байна” хэсгийг идэвхжүүлж, Платформд бүртгэл үүсгэснээр Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Та платформыг ашиглаж, үйлдэл хийж байгаа нь Таныг Үйлчилгээний нөхцөлийг бүрэн уншиж танилцан, ойлгосон, хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Хэрэв та 18-аас доош настай бол Платформд бүртгүүлэх эрхгүйг анхаарна уу.
НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
- 1.1. Бидний хөгжүүлсэн “mindXplus” платформ нь байгууллага болон хувь хүнд чиглэсэн сэтгэл зүйн шинжлэх ухааны арга аргачлалд суурилсан сэтгэл зүйн тестийн болон судалгааны нэгдсэн платформ юм.
- 1.2. Та Платформд бүртгэл үүсгэснээр Бидний санал болгож буй цахим сэтгэл зүйн тест өгөх, тестийн үр дүн, зөвлөмжтэй танилцах урьдчилан бэлтгэсэн өгөгдөл бүхий сэтгэл зүйн тестээр судалгаа авах, судалгааны өгөгдөл цуглуулах, сэтгэл зүйд суурилсан сонгон шалгаруулалт хийх (“Үйлчилгээ” гэх)-г авах боломжтой.
- 1.3. Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл, хариулт, сэтгэл зүйн тестийн үр дүнг үнэлэн Платформоос өгч буй хариулт, үнэлгээ, зөвлөмж нь зөвхөн Хэрэглэгчийг сэтгэл зүйн боловсрол, мэдээллээр хангах зорилготой бөгөөд мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг орлохгүй бөгөөд үүнтэй холбоотой аливаа хариуцлагыг Компани хүлээхгүй болохыг анхаарна уу.
- 1.4. Хэрэглэгч нь урьдчилан бэлтгэсэн судалгааны асуулга дээр багцаас хамааран 3-10 нэмэлт асуулга оруулж болох бөгөөд уг асуулт нь хүний эмзэг мэдээллийг хамааруулаагүй байна.
- 1.5. Үйлчилгээний нөхцөлд заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгож, хэрэглэнэ. Үүнд:
- 1.5.1. “mindXplus” гэж сэтгэл судлалын шинжлэх ухааны арга аргачлалыг хувь хүмүүс болон байгууллагад хүртээмжтэй байлгах, 2/3 судалгаа хийх хүсэлтэй судлаачдын аливаа судалгааны өгөгдлийг цуглуулах, судалгааны нэгдсэн платформыг;
- 1.5.2. “Хэрэглэгч” гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, хэрэглэгчийн бүртгэлээ баталгаажуулсан 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэн болон Байгууллагын хэрэглэгчийг;
- 1.5.3. “Байгууллагын хэрэглэгч” гэж Компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр байгууллагыг төлөөлөн Платформд хэрэглэгчийн бүртгэл үүсгэж, Платформыг ашиглах эрх олж авсан байгууллагын Гүйцэтгэх захирал, удирдах албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагад Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй эрх олгогдсон ажилтныг;
- 1.5.4. “Сэтгэл зүйд суурилсан сонгон шалгаруулалт” гэж байгууллагын хэрэглэгч нь өөрийн сонгосон ажил горилогчийн сэтгэл зүйн ур чадварыг үнэлэх зорилгоор системээр дамжуулан судалгаа авахыг.
ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ
- 2.1. Хэрэглэгч нь Платформд өөрийн овог нэр, цахим шуудангийн хаяг, нэвтрэх хаягийг бүрэн оруулснаар бүртгэл үүсэж, баталгаажна.
- 2.2. Байгууллагын хэрэглэгчийн хувьд байгууллагын нэр, регистрийн дугаар, үйл ажиллагааны чиглэл, нийт ажилтны тоон мэдээллийг бүрэн оруулснаар бүртгэл үүсэж, баталгаажна.
- 2.3. Бүртгэл үүсгэснээс хойш Хэрэглэгч, Байгууллагын хэрэглэгч нь өөрийн нэр, нууц үгээр нэвтэрч Платформыг ашиглана.
- 2.4. Хэрэглэгч өөрийн болон гуравдагч этгээдийн нэрээр давхар бүртгэл үүсгэхгүй бөгөөд бүртгэл үүсгэхэд оруулсан мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд Платформ дахь өөрийн бүртгэлийн мэдээллийг өөрчилж, шинэчлэх үүрэгтэй.
- 2.5. Хэрэглэгч, Байгууллагын хэрэглэгч нь Платформд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад дамжуулахгүй бөгөөд тэдгээрийн нууцлалыг хадгалах, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
- 2.6. Платформд өөр хэрэглэгчийн бүртгэлээр нэвтрэхийг хориглоно. Хэрэв хэрэглэгч өөрийн бүртгэл, хувийн мэдээллээ бусдад алдсан, хэрэглэгчийн бүртгэлд гуравдагч этгээд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн болохыг мэдсэн даруйд Компанид мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авхуулна.
ГУРАВ. ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ, БУЦААЛТ ХИЙХ
- 3.1. Байгууллагын хэрэглэгч Платформд байршуулсан тестийн сангаас Гишүүнчлэлийн багц эсвэл төлбөртэй тестүүдийг худалдан авах боломжтой байна.
- 3.2. Хэрэглэгч Платформд байршуулсан тестийн сангаас худалдан авах боломжтой байна.
- 3.3. Компаниас үнэ төлбөргүйгээр, нээлттэй байршуулснаас бусад үйлчилгээг Хэрэглэгч холбогдох төлбөрийг төлж ашиглана.
- 3.4. Хэрэглэгч авахаар баталгаажуулсан үйлчилгээний төлбөрийг QPay-ээр дамжуулан эсхүл Компанийн данс руу шилжүүлэг хийх боломжит хэлбэрээр төлнө.
- 3.5. Хэрэглэгчийн багцын ашиглалт нэг сарын хугацаанд 10%-аас хэтрээгүй бол хүсэлт гарган төлбөрийн 70%-ийг буцаах боломжтой.
- 3.6. Компани хэрэглэгчийн багц цуцлах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ. Мөн цуцлах хүсэлт гаргасны дараа цуцлах хүсэлтээ буцаах боломжгүй болно.
- 3.7. Хэрэглэгч зөвхөн дээрх 3.5-д заасны дагуу багц үйлчилгээний худалдан авалтад цуцлах хүсэлт гаргах боломжтой бөгөөд нэмэлт түүвэр эсвэл судалгааны загварыг дангаар худалдан авсан тохиолдолд цуцлах хүсэлт гаргах боломжгүй.
- 3.8. Хэрэглэгч багцаа ахиулах үед өмнөх багцын ашиглаагүй хэмжээнд харгалзах үнийн дүнг шинэ багцын үнээс хасаж, зөрүү төлбөрөөр шинэ багцын үнийг тогтооно.
- 3.9. Хэрэглэгчийн худалдан авсан багцын хугацаа дууссан тохиолдолд тухайн багцын эрх хүчингүй болж, түүврийн үлдэгдлийн тоо 0 болно
ДӨРӨВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- 4.1. Хэрэглэгч нь дараах эрхтэй:
- 4.1.1. Компани нь хэрэглэгчийн мэдээллийг Нууцлалын бодлогод зааснаас өөр зориулалт, нөхцөлөөр ашиглаж байна гэж үзсэн тохиолдолд гомдол гаргах, тайлбар, мэдээлэл гаргуулж авах;
- 4.1.2. Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Платформыг ашиглахаас татгалзах, бүртгэлээ хаах, хаалгах;
- 4.1.3. Платформын хэвийн, найдвартай ажиллагаа, нууцлал, аюулгүй байдал, сайжруулалттай холбоотой санал, хүсэлтээ info@mindxplus.com хаягаар илгээх.
- 4.2. Хэрэглэгч нь дараах үүрэгтэй:
- 4.2.1. Платформд нэвтрэхдээ өөрийн хувийн болон байгууллагын мэдээллийг үнэн зөвөөр оруулах бөгөөд өөрийн оруулсан мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ;
- 4.2.2. Платформд нэгээс дээш бүртгэл нээхгүй, гуравдагч этгээдийн нэрийн өмнөөс бүртгэл үүсгэн ашиглахгүй байх;
- 4.2.3. Платформыг зөвхөн өөрт тохирсон сэтгэл зүйн мэдээлэл, боловсрол олж авах зорилгоор ашиглах бөгөөд Платформоос санал болгож буй зөвлөгөө, мэдээллийг шалгах, эргэлзээ үүссэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандан зөвлөгөө, мэдээлэл авах;
- 4.2.4. Төлбөртэй үйлчилгээ ашиглах тохиолдолд үйлчилгээний төлбөрийг энэхүү нөхцөлд заасны дагуу төлөх.
ТАВ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЯЗГААРЛАЛТ
- 5.1. Хэрэглэгч Платформыг Үйлчилгээний нөхцөлд заасан журам, нөхцөлийн дагуу ашиглах үүрэгтэй.
- 5.2. Та дараах үйлдлийг хийсэн эсхүл хийхийг оролдсон нөхцөлд Компани Таны Платформын хэрэглээг тодорхой хугацаагаар хязгаарлах эсхүл зогсоох, Хэрэглэгчийн бүртгэлийг хаах хүртэл арга хэмжээг авна. Үүнд::
- 5.2.1. Платформыг зүй бусаар, хууль бус зорилгоор ашигласан, зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан;
- 5.2.3. Компанийн эрх, нэр хүндийг гутаасан, оюуны өмчийн эрхийг зөрчсөн;
- 5.2.4. Платформын хэвийн үйл ажиллагаанд зориудаар саад болох, үйлчилгээг удаашруулах, тасалдуулах үйлдэл гаргасан;
- 5.2.5. Хэрэглэгчийн бүртгэлийг хуурамчаар үүсгэх, хэрэглэгчийн бүртгэлийг бусдад төлбөртэй, төлбөргүй шилжүүлэх замаар Платформыг бусдад ашиглуулсан;
- 5.2.6. Компани болон Хэрэглэгчдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан, эсхүл ийм шинжтэй бусад үйлдэл, эс үйлдлийг гаргасан.
ЗУРГАА. ОЮУНЫ ӨМЧИЙН ХАМГААЛАЛТ
- 6.1. mindXplus лого, Платформын үндсэн бүтэц, загвар, дизайн, зураглал, бүтээгдэхүүн үйлчилгээний шийдэл, санал болгож буй үйлчилгээ, тестийн сан, тестийн асуулт, үр дүн, судалгаа, Платформ дээрх бүхий л контент, агуулга, бичвэр, барааны тэмдэг, зохиогчийн эрх, оюуны өмч, тэдгээрийг ашиглах онцгой эрх нь Компанид хадгалагдана.
- 6.2. Хэрэглэгч оюуны өмчийн эрхэд халдах, Компанитай өрсөлдөх үйл ажиллагаа явуулах зорилгоор Платформ болон түүнд хамаарах аливаа хэсгийг хуулбарлах, хуулах, татаж авах, худалдах, өөрчлөн ашиглах зэрэг үйлдэл гаргахыг хориглоно.
- 6.3. Компанийн оюуны өмчид хамаарах заалтыг Хэрэглэгч зөрчсөн тохиолдолд түүний үр дагаварт учирсан хохирол, нөхөн төлбөрийг хариуцна.
ДОЛОО. САНАЛ, ХҮСЭЛТ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
- 7.1. Хэрэглэгч Платформын хэвийн, найдвартай ажиллагаа, нууцлал, аюулгүй байдал, сайжруулалттай холбоотой санал, хүсэлтээ info@mindxplus.com хаягаар илгээнэ.
- 7.2. Компани хэрэглэгчийн санал, хүсэлтийг хүлээн авч тухай бүрд холбогдох арга хэмжээ авахыг эрмэлзэнэ.
- 7.3. Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой маргааныг талууд эвийн журмаар шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэж чадаагүй бол Монгол Улсын хуулийн дагуу шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ.
НАЙМ. БУСАД
- 8.1. Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт орсон даруйд Компани хэрэглэгчийг тухайн нөхцөлтэй танилцах боломжоор хангаж Платформд нээлттэй байршуулах бөгөөд Хэрэглэгч нь танилцаж, зөвшөөрөх эсэхээ бие даан шийдвэрлэнэ.
- 8.2. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
--о0о--