Нийтлэл/Г.Мандухай: Нийгэмд буруугаар ойлгогдсон хандлагыг залруулахаар Монголдоо анхдагч сэтгэл зүйн дэмжлэг авах боломжтой платформыг хөгжүүлж байна

Г.Мандухай: Нийгэмд буруугаар ойлгогдсон хандлагыг залруулахаар Монголдоо анхдагч сэтгэл зүйн дэмжлэг авах боломжтой платформыг хөгжүүлж байна

Ярилцлага10 сарын 07, 202410 мин
Г.Мандухай: Нийгэмд буруугаар ойлгогдсон хандлагыг залруулахаар Монголдоо анхдагч сэтгэл зүйн дэмжлэг авах боломжтой платформыг хөгжүүлж байна

-Урилгыг маань хүлээн авч ярилцлага өгч буйд баярлалаа. Та сэтгүүлийн уншигчдад өөрийгөө танилцуулна уу.

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Мандухай гэдэг, Optimal Nmax ХХК-ийн Гүйцэтгэх захирал (ГЗ)-аар ажилладаг, одоогоор Англи улсад магистрийн зэрэг горилон суралцаад төгсөж байна.

-Сүүлийн жилүүдэд сэтгэл судлалаар суралцах, мөн гадаад улсад мэргэжлийн зэргээ дээшлүүлж суралцах сонирхолтой залуучууд их болсон байна. Та өөрийн сурч буй сургууль болоод тэтгэлэгийн талаар ярьж өгөхгүй юу?

-Их Британийн засгийн газрын Чевенингийн тэтгэлгээр Хүүхэд, өсвөр залуу үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн магистрийн хөтөлбөрт (Msc in Child and Adolescents Mental health) Нортхамптоний их cургуульд (The University of Northampton) суралцаад төгсөж байгаа. Өсвөр, залуу нас бол сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалд хамгийн өртөмтгий, эмзэг үе бөгөөд энэ насанд үүссэн сэтгэл гутрал, түгшүүр, стресс зэрэг асуудал удаан хугацаанд хадгалагдах нь насанд хүрсэн үеийн сэтгэл зүйн эмгэг, хүндрэлүүдийн суурь шалтгаан болдог (Compas et al., 2001). Тэр утгаараа миний хувьд залуу үеийнхнийхээ сайн сайхан байдалд анхаарал хандуулахаас улс орны хөгжил эхэлнэ гэж итгэн энэ хөтөлбөрийг сонгосон.

Манай хөтөлбөр хүүхэд, өсвөр насныхны сэтгэл зүйд тулгамддаг асуудлуудыг хөгжлийн үе шат бүрт тулгуурлан судлах, ойлгох ур чадвараас эхлүүлээд дэмжлэг, тусламж үйлчилгээ үзүүлэх нарийн ур чадварыг онол, практик хослуулан мэргэшүүлдэг. Сэтгэл засал, зөвлөгөөний ур чадвар (therapeutic skills), сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ (therapeutic interventions), судалгааны арга зүй зэрэг хичээлүүдийг салбартаа ажилладаг туршлагатай эрдэмтэн багш нараар заалгаснаар Монголдоо хувь хүн болоод олон нийтэд чиглэсэн үйлчилгээ, шийдлийг шинжлэх ухаанчаар, мэргэжлийн түвшинд хүргэж ажиллах боломжтой болсондоо баяртай байгаа. Мөн миний суралцсан тус хөтөлбөр оюутны практик чадварт анхаардгаараа давуу талтай ба дүрд орох (role play), дадлага хийх (placement) зэрэг арга зүйгээр дамжуулан ур чадварын шалгалт авч наад зах нь хэр ёс зүйтэй ажиллаж байгааг үнэлж өндөр шаардлага тавьдаг. Түүнчлэн, сурсан мэдлэгтээ тулгуурлан нийгмийн асуудлыг шийдэх инноваци санаачлах даалгавар өгч онолыг амьдрал дээр хэрхэн ашиглах боломжтойг сайтар ойлгуулдаг. Жишээлэхэд, бид багаараа сургууль дээрх үе тэнгийн дээрэлхлийн эсрэг "Shield" нэртэй гар утасны апп-ийн төсөл бичиж амжилттай танилцуулж байв.

Чевенингийн тэтгэлгийн тухайд жил бүр улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах хүсэлтэй манлайлагч 50,000 гаруй залуу үеийн төлөөллөөс ердөө 2-3 хувийг сонгон сургалтын төлбөрийг даахаас эхлүүлээд амьдрах зардлын тэтгэмж/стипенд олгодог маш том боломж юм. Сонирхуулахад, 2023-2024 оны хичээлийн жилд нийт 1360 хүн тэнцсэнээс зөвхөн 15 хүн сэтгэл судлал, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байсан, 0.01 хувь гэсэн үг. Манай 15-ын ихэнх нь Global Mental Health чиглэлээр суралцаж байсан бол би ганцаараа Youth Mental Health чиглэлийнх байсан. Энэ тэтгэлгээр суралцах хугацаандаа орон орноос тэнцэж ирсэн залуустай танилцаж туршлага солилцох, амьдралын сонин хачинаас нь сонсох мөчүүд хамгийн үнэ цэнтэй байдаг. Хэрхэн бэлдэх, тэнцэхэд юу юу шаардлагатай талаар маш их мэдээллүүд бий. Гэхдээ интернэтэд дан найдалгүй аль болох өмнө нь энэ тэтгэлгийг авч байсан хүнээс асуултаа зөв тодорхойлоод туршлага судлах нь хамгийн үр дүнтэй санагдсан.

-Та суралцаж байх явцдаа ажигласнаар оюутнууд гадаадад суралцахын тулд өөрийгөө хэрхэн бэлтгэх хэрэгтэй санагдсан бэ? Монгол залуучууд юун дээрээ илүү анхаарах хэрэгтэй байдаг вэ?

-Аливаа мэргэжил дээшлүүлэх эсвэл эрдмийн зэрэг ахиулах хөтөлбөрт суралцахын өмнө тодорхой хэмжээнд ажилласан туршлагатай байх нь том давуу тал болдгийг ойлгосон. Учир нь, хичээлийн явцад өрнөдөг хэлэлцүүлэг, семинарт оролцох, шалгалтын эссэ бичих зэрэгт өөрийн туршлагаа жишээ болгон дурдах, хийж байсан ажлаасаа иш татах нь даалгавраа сайн гүйцэтгэхэд их нэмэртэй юм байна гэж бодсон. Миний Монголд ажилласан 10 жилийн туршлага ангийнхан болоод багш нарын сонирхлыг их татдаг байснаас гадна надад шинэ хүмүүстэй танилцах, хөтөлбөрөө амжилттай давахад ихээхэн тусалсан. Түүнээс гадна яг суралцаж буй чиглэлээрээ улсад нь ямар асуудал байгааг аль хэдийнээ мэдэж байгаа хүн сурсан мэдсэн бүхнээ зүгээр нэг шинэ мэдээлэл биш бодит шийдэл болгож харах зэрэг олон давуу талууд бий. Тиймээс аль болох дадлага хийгээд ч хамаагүй багадаа нэг жилийн ажлын туршлагатай болохыг эрмэлзэх хэрэгтэй.

Монголчуудад түгээмэл байдаг нэг зан чанар нь юмны цагийг нь тулгаж хийдэг явдал, энэ зангаасаа аль болох салахыг хичээгээрэй. Суралцах хугацаандаа энэ зантайгаа тэмцэх нь надад бодсоноос хүнд сорилт байсан. Англид магистрийн хөтөлбөрүүд нэг жилд нэлээн их кредит багтаадаг шахуу болохоор нэг мэдэхэд л шалгалтууд бөөгнөрчихсөн нэгийг нь даваад дараагийнх, заримдаа зэрэг өгөх шаардлага ч гарна. Тиймээс эртнээс бага багаар бэлдэж, цаг бүрийг үр дүнтэй ашиглаж байж амжилттай давна.

Эцэст нь хэлэхэд, нэгэнт л академикуудын эгнээнд нэгдэж эрдмийн зэрэг горилохоор зорьж байгаа бол одооноос судалгааны өгүүллүүд уншихыг дадал болгож, хурдан унших техникийг эзэмших хэрэгтэй. Өгүүлэл уншихгүйгээр хичээлд оролцох, шалгалтуудаа давах гэдэг боломжгүй тул одооноос суралцах улсынхаа хэл дээр уншаад эхлэхийг зөвлөж байна.

-Уншигчид маань танай байгууллагыг POSITIVE DADAL сошиал хаягуудаар нь илүү сайн мэдэх байх. Анх хэзээнээс, яагаад энэ чиглэлд ажиллаж сошиал контентууд хийх болсон бэ?

-Манай компани анх 2019 оноос эхлэн сэтгэл зүйн суурь судалгаануудыг хийж байхад олон нийтийн дунд сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэг дутмаг байгаа нь анзаарагдсан ба ойлголт буруугаас болж сэтгэл зүйдээ анхаардаг хүн маш цөөн эсвэл хаанаас, юунаас эхлэхээ мэдэхгүй байдал түгээмэл ажиглагдсан. Иймээс академик судалгаа, нотолгоонд тулгуурлан чанартай сэтгэл зүйн боловсрол, мэдээллийг нийгэмдээ түгээх зорилгоор сэтгэл судлаачид болон маркетингийн мэргэжилтнүүд баг болон энэхүү төслийг эхлүүлсэн. Улмаар бид Монголдоо анхдагч сэтгэл зүйн дэмжлэг авах боломжтой платформ болж дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа ба хүмүүсийн дунд байсан буруу хандлагыг тодорхой хэмжээнд залруулж, өөрийн сэтгэл зүйд үр дүнтэйгээр анхаарах арга замуудыг зааж, чиглүүлж чадаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Бид нийгэмдээ авчирсан өөрчлөлтөө одоогоор судалгааны түвшинд хэмжээгүй байгаа ч олон улсад хийгдсэн судалгаануудаас харахад манайх шиг олон нийт, тэр дундаа залуучуудын дунд сэтгэцийн эрүүл мэндийн мэдлэг (mental health literacy) болон дэмжлэг авах сэдлийг төрүүлэх (motivating help-seeking behaviour) зорилготой богино хугацааны хөтөлбөрийн үр дүнд өөрийн сэтгэл зүйн асуудлыг таньж мэдэн тусламж үйлчилгээнд хамрагдсан хүний тоо нэмэгдсэн үр дүн гаргасан жишээ байдаг. Дөрөв дэх жилдээ тууштай ажилласны үр дүнд бид үүнтэй дүйцэхүйц магадгүй илүү ч хувь нэмрийг нийгэмдээ оруулж чадсан гэж итгэж байгаа.

-Танай байгууллага сэтгэл судлал, санхүү, технологийн төслүүдийг хөгжүүлдэг. Олон өөр салбарын хүмүүсээс бүрдсэн багийг удирдахад сэтгэл судлаач мэргэжил тань хэрхэн тусалдаг вэ?

-Манай удирдлагын багт надаас гадна таван сэтгэл судлаач байдаг ба бид аль болох байгууллагын соёлыг тогтоохдоо ажилтнуудын дунд нээлттэй, хүндэтгэлтэй, сэтгэл зүйд ээлтэй харилцааг бүрдүүлэхийг эрмэлздэг.

Мөн групп компаний хэмжээнд ажилтан бүртээ сэтгэл зүйн эрүүл мэнд болоод өөрийн сайн сайхан байдалдаа анхаарахыг уриалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг ба энэ нь дан ганц ажилтанд бус цаашлаад тэдний гэр бүлд эерэг нөлөөтэй гэж найддаг.

Би хувьдаа энд ирж суралцахаасаа өмнө багийн гишүүн бүртэй уулзаж тулгамдаад буй асуудал юу байна, ажилтайгаа холбоотой ямар мэдрэмжтэй байна, цаашид юуг өөрчлөгдөөсэй гэж хүсэж байгаа зэрэг талаар нь сонсоход цаг гаргаж байсан удаатай магадгүй энэ мэт алхмуудад миний мэргэжил нөлөөлдөг байх.

-Нийгмийн хөгжилд сэтгэл судлалын шинжлэх ухаан ямар ач холбогдолтой гэж хардаг вэ? Танай байгууллага үүнд хэрхэн хувь нэмрээ оруулан ажиллаж байна вэ?

-Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь боловсрол, эрүүл мэнд, хүний нөөц, санхүү зэрэг хүнд үйлчлэх, хүний амьдралд нөлөө үзүүлэх бүхий л салбарыг илүү хүртээмжтэй, бүтээмжтэй үйл ажиллагаатай байхад тусалдаг гэж хэлж болно. Нийгмийн хөгжлийн тухайд ядуурал, ялгаварлан гадуурхалт, боловсролын тэгш бус байдал, байгаль орчны асуудал зэргийг бууруулахад хүний зан үйлийн онцлог, шийдвэр гаргалтын загвар, бүлгийн сэтгэл зүйг ойлгож үр дүнтэй арга хэмжээ авахад сэтгэл судлалын онол, зарчмууд гол тулгуур болдог. Хамгийн энгийн жишээ нь сүүлийн үед эрчээ аваад байгаа тогтвортой хөгжилд хүний оролцоо маш их, харин хүнийг байгаль орчиндоо ээлтэй зан үйлтэй, дадалтай болгож өөрчлөхийн тулд сэтгэл судлалын оролцоо маш их. Дан ганц дахин боловсруулах цаасаар бүтээгдэхүүн үйлвэрлэх нь хангалтгүй бөгөөд хүнийг наад зах нь хогоо ангилж хаядаг дадалтай, усаа хайрладаг хандлагатай болгох зэрэг нь л тогтвортой хөгжлийн суурь.

Манай байгууллагын хувьд сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих инноваци, бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж ажилладаг ба нэмээд дээр дурдсан нийгмийн асуудлуудыг бууруулахад сэтгэл судлалын шийдлийг санал болгодог. Жишээлэхэд, бид хүний нөөцийн салбарт Сэтгэл зүйн эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартыг (СЭМАБ) нэвтрүүлж ажилтныхаа сэтгэл зүйг хамгаалдаг стандарттай байхад байгууллагадуудад тусалж байна. Мөн HabiDo апп-аар дамжуулаад байгальдаа ээлтэй байх сорилтуудыг (challenge) залуусын дунд зарлах зэргээр эерэг өөрчлөлтийг түгээсээр байгаа.

-Танай байгууллага хувь хүн болон байгууллагад ямар сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг вэ? Сүүлийн үед ямар ажилд илүүтэй төвлөрч байна вэ?

Бидний голлох ажлуудын нэгт суурь судалгаа багтдаг. Бид жил бүр нийгэм дээр иргэдийн дунд сэтгэл зүйн эрүүл мэндийн нөхцөл байдал ямар байгаа, олон нийт ямар асуудлуудтай нүүр тулж байгааг тодорхойлж хариу арга хэмжээ авах шийдлийг боловсруулж төсөл болгон хэрэгжүүлдэг. Энэ жилээс бид дан ганц сэтгэл зүйн эрүүл мэнд гэлтгүй хувь хүний сайн сайхан байдлыг цогцоор нь судалж, асуудалд тохирсон шийдлүүдийг илүү их хөгжүүлэхээр ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хүн бүр л тогтвортой хөгжил, сэтгэл зүйн сэдвүүдийг тренд болгон ярьж, сонирхож, энэ чиглэлд түлхүү анхаарч байна. Гэвч "хүн"-дээ анхаарсан, хүнийхээ дотоод нөөц рүү чиглэсэн ажлууд хийгдэж байж л бидний байгальдаа, нийгэмдээ үзүүлэх зан төлөв, хандлага өөрчлөгдөнө. Тиймээс манай байгууллага үйл ажиллагаагаа зөвхөн сэтгэл зүйн эрүүл мэнд төдийгүй санхүү, хөдөлмөр эрхлэлт, бие махбод, сэтгэл зүйн сайн сайхан байдал руу чиглэсэн байдлаар цогцоор нь харж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ экосистемийг сайжруулахаар ажиллаж байна.

Мөн байгууллагуудыг ажилтныхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахыг олон улсад ихээр ярьж, уриалах болсон тул бид ч мөн энэ чиглэлийн "Сэтгэл зүйн Эрүүл мэнд, Аюулгүй Байдлын Стандарт"-аа дэлгэрүүлэх, байгууллагуудад бодлогын түвшинд зөвлөх ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Манай байгууллагын хувьд хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс сэтгэл зүйг технологитой хослуулан ажилладаг учраас HabiDo аппликейшнээрээ дамжуулан "Ажилтны бүтээмжийг нэмэх хөтөлбөр", "Ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр" зэрэг аппликейшнд суурилсан сорил, хөтөлбөрүүдээ туршин, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд төвлөрөөд байна.

-Ярилцлагын сүүлийн хэсгийг танд үлдээе. Уншигчдад маань зориулан таны зүгээс юуг онцлон хэлмээр байна вэ?

Сэтгэл зүйн асуудлыг хүндрэх эсвэл үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх, эрт анхаарах олон арга бий. Тэдгээрийг үл ойшоолгүйгээр хэрэгтэй үедээ цаг гарган хэрэгжүүлдэг байгаасай гэж хүсэж байна. Бидний хөгжүүлж буй HabiDo аппликейшн, Positive Dadal төсөл, Mindmetrix.mn платформ нь эдгээр тусламжийг авах анхан шатны үүд хаалга болж чадна гэдэгт итгэлтэй байна.

Мөн энэ нийгмийн эмч, холбогч, хүнлэг шийдлийг санаачлагч нь болсон нийт сэтгэл судлалын салбарын хамт олондоо Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийн мэндийг хүргэе.